
- 02Өмнөх үг
- 03Ярилцлага
- 04SaySanaa төслүүд
- 05Дэлхийн дизайн
- 06Эргэцүүлэл
- 07Artify
Өмнөх үг
Тансаглал бол үзүүлэх зүйл биш. Орон зайн зохион байгуулалт, материалын нягт сонголт, гэрэл-сүүдрийн зохицлоор мэдрэгддэг соёл.
ARTIFY-ийн анхны дугаар нэг асуултаас эхэлж байна: дотоод орон зай хэрхэн «гоёл»-оос «соёл» руу шилждэг вэ?
Энэ дугаарт нэг хувийн орон сууц, нэг ярилцлага, дэлхийн нэг өнцөг, нэг эргэцүүлэл — бүгд энэ нэг сэдвийг өөр өөр өнцгөөс өгүүлнэ.
Ярилцлага

Х. Одбаяр
ARTIFY-ийн анхны дугаарт SaySanaa-г үүсгэн байгуулагч, интерьер дизайнер Х. Одбаяртай орон зайг тархиндаа урьдчилан загварчлах «mental simulation» болон мэргэжлийн сэтгэлгээний механизмын тухай ярилцлаа.
Энгийн хүн орчныг хараад «гоё» эсвэл «гоё биш» гэдэг. Мэргэжлийн дизайнер юугаараа ялгаатай вэ?
Мэргэжлийн дизайнер орчныг хараад яагаад тийм харагдаж байгааг, яагаад болохгүй байгааг шууд мэдэрдэг. Энэ нь зүгээр мэдрэмж биш. Олон жил орон зай, гэрэл, материал, пропорцтой бодит төслүүд дээр ажиллаж, алдаа засвар, туршлага хуримтлуулсны дараа дизайнерийн тархи орчныг өөрөөр боловсруулж эхэлдэг.
Үүнийг сэтгэл зүйд хэрхэн нэрлэдэг вэ?
Visual–spatial intelligence буюу орон зайн сэтгэлгээ гэдэг. Зарим хүн орчныг зүгээр хардаг бол дизайнер бүтцээр нь задлан уншиж хардаг — зохиомж, харьцаа, тэнцвэр, хэмнэл (composition, proportion, balance, rhythm) зэрэг элементүүд тархинд автоматаар уншигдаж байдаг.
Тэгвэл «зөн совин» гэж байдаг уу?
Олон жилийн ажлын туршлага тархинд pattern recognition буюу хэв маяг таних чадварыг хөгжүүлдэг. Аль өнгө зөрчилдөх, аль материал зохицох, аль орон зай ямар мэдрэмж төрүүлэхийг туршлагад суурилсан мэдлэг хэлж өгдөг. Тиймээс зарим шийдвэр гаднаас «зөн совин» мэт санагддаг ч бодит байдал дээрээ энэ нь мэргэжлийн зөн совин (intuition) — олон жилийн ажиглалт, туршлага, мэдлэгийн нийлбэр юм. Сонирхогчийн таамаглал биш.
«Mental simulation» гэдгийг тайлбарлаач.
Мэргэжлийн дизайнерийн чухал чадвар бол орчныг зүгээр харах биш, ямар болж хувирч болохыг урьдчилан төсөөлөх явдал. Ирээдүйн орон зайг тархиндаа загварчилж, гэрэл, материал, пропорц, хүний хөдөлгөөн, уур амьсгалыг бодитоор бий болохоос өмнө харж чаддаг гэсэн үг.
Энэ сэтгэлгээ дизайнаас цааш хаана хэрэг болдог вэ?
Бизнест том давуу тал болдог. Бизнесийн хамгийн чухал чадвар бол одоо байгаа нөхцөлийг хараад зогсох биш, ямар боломж нээгдэж болохыг олж харах. Зах зээл, хэрэглэгч, үнэ цэнэ хаашаа өөрчлөгдөж байгааг арай эрт мэдэрдэг хүн л шинэ боломж, шинэ шийдэл бий болгодог.
Мэргэжлийн дизайнер хүн одоо байгаа орчныг биш, болох ёстой орчныг хардаг.
SaySanaa төслүүд
Тайван. Төвлөрсөн. Удаан наслах.
Гоёлоос соёл руу — ил харагдах тансаглалд бус, орон зайн зохион байгуулалт, материал, гэрэлд тулгуурласан 420 m² хувийн орон сууц.



Хувийн орон сууц
Төлөвлөлт нь цэвэр, симметр логикт суурилсан. Илүүдэл хэлбэргүй, стандарт пропорц баримталсан геометр.
Нийтийн болон хувийн бүсүүд уялдаа холбоотой ч тодорхой хил хязгаартай.
Гэрэл бол бүтцийн нэг хэсэг
Гэрэлтүүлгийг орон зайн бүтцийн нэг хэсэг болгон шийдсэн. Сүүдрийн гүн, дулаан өнгийн бүсчлэл, зөөлөн шилжилт нь тогтвортой уур амьсгал бүрдүүлнэ.
Панорам шиллэгээ болон дээврийн гэрэлтүүлэг байгалийн гэрлийг дотоод гүн рүү нэвтрүүлнэ.


Мэдрэгдэх гадаргуу
Хязгаарлагдмал палитр: байгалийн чулуу, модон шпон, гүн өнгийн металл, царс мод.
Гадаргуу бүр зөвхөн харагдах бус — мэдрэгдэх чанартай.

Харуулахын тулд бус, амьдрахын тулд
Энэхүү орон зай нь төвлөрсөн, хамгаалагдсан мэдрэмжийг бүрдүүлнэ. Дотоод уур амьсгал нь тайван, тогтвортой.
Төв бүсэд байрласан арт бүтээлүүд илүүдэлгүй атлаа сүнслэг, хүчтэй илэрхийлэл үүсгэнэ.
Дэлхийн дизайн
«Орон зайг зөвхөн харах бус, мэдрэх ёстой.»
— Rossana Hu · Neri&Hu-гийн үүсгэн байгуулагч партнёр

Rossana Hu
Архитектур, интерьер, бүтээгдэхүүний дизайн, судалгааг нэгэн цогц сэтгэлгээ гэж үздэг Азийн хамгийн нөлөө бүхий дизайнеруудын нэг.
2004 онд Lyndon Neri-тэй Neri&Hu-г байгуулж, орчин үеийн архитектурыг тухайн газрын түүх, соёл, өдөр тутмын амьдралтай холбосон. FRAME Lifetime Achievement Award · 2021.
Aranya Art Center
Циньхуандао, Хятад · 2019 · Neri&Hu Design and Research Office
Энэхүү урлагийн төв нь театр, галерей, олон нийтийн уулзалтын орон зайг нэгтгэсэн бөгөөд бетон, гэрэл, муруй геометрийн энгийн хэлээр хүний хөдөлгөөн, мэдрэмжийг удирдах архитектурын жишээ болсон.
Байгалийн гэрлийг төв хэсгийн том дугуй нээлхийгээр дотогш оруулж, орон зайн туршлагыг тасралтгүй өөрчилдөг.




Таны хувьд дизайн гэж юу вэ?
«Дизайн бол зөвхөн хэлбэр бүтээх ажил биш. Энэ бол хүмүүс орон зайг хэрхэн мэдэрч, хэрхэн амьдрахыг ойлгох үйл явц юм.»
Танай төслүүдэд яагаад материал маш чухал байр суурь эзэлдэг вэ?
«Материал өөрөө түүх хадгалдаг. Хэрэв бид зөв ашиглаж чадвал материал нь тухайн газрын дурсамж, цаг хугацаа, соёлыг орчин үеийн архитектуртай холбож чадна.»
Орчин үеийн интерьер дизайн хаашаа хөгжиж байна гэж та боддог вэ?
«Илүү их зүйл нэмэхээс илүү юу хасах вэ гэдэг асуулт илүү чухал болж байна. Чимээгүй орон зай хүнийг илүү удаан хугацаанд дагаж чаддаг.»
Залуу дизайнеруудад юу зөвлөх вэ?
«Өөрийн соёл, өөрийн орчныг ойлгохгүйгээр олон улсын дизайн бүтээх боломжгүй.»
Rossana Hu-ийн бүтээлүүдийг харахад хамгийн түрүүнд анзаарагддаг зүйл нь хэлбэр биш, харин орон зайн мэдрэмж юм. Түүний архитектур нь тайван, хэтрүүлэггүй хэрнээ хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг.
Материал, гэрэл, хөдөлгөөнийг нэг систем болгон холбодог энэ арга барил нь ARTIFY-ийн «чимээгүй тансаг» редакцийн философитой маш сайн нийцдэг.
Эргэцүүлэл

Сонголтын цэг дээр
Захиалагчийн хүслийг л зураад өгч байвал дизайнер захиалгад тааруулж ажиллаж байгаа хүн хэвээрээ үлдэнэ.
Харин захиалагчийг зөв шийдэл рүү чиглүүлж эхэлбэл дизайнер жинхэнэ утгаараа мэргэжлийн шатанд орж эхэлдэг.
Захиалагчийн хүсэл бол зөвхөн мэдээлэл
Харин түүнийг дагах эсэх нь дизайнерийн мэргэжлийн хариу.
Интерьер дизайны салбарт нэг нийтлэг ойлголт бий. Захиалагч юу хүсэж байна, түүнийг нь яг адилхан зураад өгч чадвал дизайнер ажлаа сайн хийсэнд тооцогдоно гэж үздэг. Гаднаас нь харахад буруу мэт санагдахгүй ч мэргэжлийн түвшинд энэ нь дизайнерийн ажлын хамгийн анхан шатны хэсэг юм.
Захиалагчийн хүслийг биелүүлэх чадвар зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ энэ нь дангаараа мэргэжлийн түвшинг илэрхийлдэггүй. Учир нь захиалагчийн хүссэн зүйлийг дагаж зурахыг хэн ч хийж чадна. Харин энд дизайнерийн байр суурь, хариуцлага хараахан орж ирээгүй байдаг.
Ихэнх дизайнерууд захиалагчийг дагадаг. Алдахаас айна, захиалгаа алдах вий гэж болгоомжилно. «Ингэхийг хүссэн юм чинь» гэдэг өгүүлбэр өөрийгөө хамгаалах хамгийн амархан хэлбэр болдог. Энэ бол хүний л сэтгэл зүй. Гэхдээ яг энэ цэг дээр дизайнерийн зам хоёр салдаг.
Хэрвээ захиалагч амьдралд нь тохирохгүй, орон зайн логик алдагдуулсан, цаашдаа асуудал үүсгэх шийдэл хүсвэл дизайнер яах ёстой вэ? Тайлбарлаж, өөр хувилбар санал болгох уу, эсвэл «та ингэж хүссэн» гээд зураад өгчих үү? Энэ сонголт дизайнерийн түвшинг ил тод харуулдаг.
Захиалагч буруу шийдэл хэлж болно. Энэ бол хэвийн. Учир нь тэр хүн дизайнер биш. Харин дизайнерийн үүрэг бол тэр хүслийг бодит ашиглалт, логик, ирээдүйтэй нь тулган шүүх явдал. Тиймээс захиалагчийн хүсэл бол зөвхөн мэдээлэл. Харин тэр мэдээллийг задлах, засах, шаардлагатай бол өөрчлөх нь дизайнерийн мэргэжлийн хариу юм.
Дизайнер гэдэг бол гүйцэтгэгч биш, чиглүүлэгч. Хэрвээ захиалагч аль хэдийн бүхнийг зөв мэддэг байсан бол дизайнер хэрэггүй байх байсан. Яг л хүн эмч дээр очоод ямар эм уухаа заадаггүйтэй адил. Мэргэжил гэдэг бол шийдэл гаргах чадвар.
Захиалагчийн хүслийг дагавал тухайн мөчид асуудалгүй мэт санагдаж болно. Гэхдээ дараа нь тухгүй орон зай, логикгүй төлөвлөлт, «яагаад ингэснийг» тайлбарлах шаардлага дизайнер дээр эргээд ирдэг. Тэр үед «та өөрөө ингэж хүссэн» гэдэг өгүүлбэр хариуцлагаас аварч чаддаггүй.
Интерьер дизайн бол гоё зураг зурах тухай биш. Энэ бол амьдралын орон зай. Тэр орчинд хүн яаж амьдрах, яаж ажиллах, яаж тайвшрах вэ гэдгийг дизайнерийн нэг шийдвэр тодорхойлдог.
Тиймээс захиалагчийн хүслийг л зураад өгч байвал дизайнер захиалгад тааруулж ажиллаж байгаа хүн хэвээрээ үлдэнэ. Харин захиалагчийг зөв шийдэл рүү чиглүүлж эхэлбэл дизайнер жинхэнэ утгаараа мэргэжлийн шатанд орж эхэлдэг.
Artify

SaySanaa — Ухамсар
Философи ба сэтгэлзүйн огтлолцолд орших уран баримал. Нүүргүй, нэргүй дүр — үзэгчийг таних бус, өөрийгөө шингээх орон зайтай нүүр тулгана.
Үл ялиг урагш тонгойсон бие нь сулрал биш — дотоод руугаа чиглэсэн анхаарал, төвлөрлийг илэрхийлнэ.

Орон зайд бус, ухамсарт таарах бүтээл
Нью-Йорк дахь НҮБ-ын төвийн өмнөх «Ухамсар» баримлын үзэл санааны үргэлжлэл — газар зүйн байршлаас үл хамааран хамтын ухамсар, хүн төрөлхтний ирээдүйн төлөөх чимээгүй дуудлага.
Зэвэрдэггүй ган (Grade 304), 280 кг, 2.2 м. SaySanaa-гийн 10 жилийн ойд, 2025 оны 5 сард танилцуулсан.

Минимал байдал бол тансаг байдал.
ARTIFY