ARTIFY Дугаар 01 — нүүр
ARTIFY
01ДугаарОрон зай яаж мэдрэгддэг вэ — нэг сууц, нэг ярилцлага, нэг баримлаар.
Гарчиг
  1. 02Өмнөх үгРедакцийн үг
  2. 03ЯрилцлагаХ. Одбаяр
  3. 04SaySanaa төслүүдОнцлох төсөл
  4. 05Дэлхийн дизайнАжиглалт ба чиг хандлага
  5. 06ЭргэцүүлэлЭссэ
  6. 07ArtifyУран бүтээл
02

Өмнөх үг

Редакцийн үг
Өмнөх үг

Тансаглал яаж мэдрэгддэг вэ — нэг л тэр асуултаас эхэлсэн.

Тавилга үнэтэй байх, материал гоё байх нь нэг зүйл. Гэтэл тэр орон зайд орох даруйд тайван болдог, мэргэнээр зохион байгуулагдсан мэт санагддаг тэр мэдрэмж нь өөр зүйлээс ирдэг.

Анхны дугаарт тэр зүйлийг нэг орон сууц, нэг ярилцлага, нэг барилга, нэг баримлаар ойлгохыг оролдсон.

03

Ярилцлага

Х. Одбаяр
Х. Одбаяр
Ярилцлага

Х. Одбаяр

SaySanaa үүсгэн байгуулагч · Интерьер дизайнер

ARTIFY-ийн анхны дугаарт SaySanaa-ийн үүсгэн байгуулагч, интерьер дизайнер Х. Одбаяртай орон зайг тархиндаа урьдчилан загварчлах «mental simulation» болон мэргэжлийн сэтгэлгээний механизмын тухай ярилцлаа.

Намтар

Интерьер дизайн, орон зайн төлөвлөлт, төслийн менежментийн чиглэлээр арван таваас дээш жилийн туршлагатай дизайнер.

2011 онд MCS Property LLC-д интерьер дизайнераар ажиллаж, өндөр зэрэглэлийн орон сууц, боловсролын төслүүдэд оролцсон. 2015 онд СаяСанаа ХХК-ийг үүсгэн байгуулав.

Банк, санхүү, боловсрол, худалдаа, оффис, орон сууц, зочлох үйлчилгээ, үйлдвэрлэл зэрэг олон салбарын 600 гаруй интерьер төслийг төлөвлөж, хэрэгжүүлсэн. Монголын тэргүүлэх компаниуд болон олон улсын байгууллагуудын орон зайн хөгжлийн нэг хэсэг болсон.

Орон зайг зөвхөн харагдах хэлбэр бус, хүний зан төлөв, байгууллагын соёл, амьдралын чанарт нөлөөлөх амьд тогтолцоо гэж үздэг. Интерьер дизайн, орон зайн философи, байгууллагын соёлын талаар тогтмол нийтлэл бичдэг.

Ярилцлага · Х. Одбаяр

Энгийн хүн орчныг хараад «гоё» эсвэл «гоё биш» гэдэг. Мэргэжлийн дизайнер юугаараа ялгаатай вэ?

Дизайнер орчныг харахдаа яагаад тийм харагдаж байгааг шууд уншдаг. Олон жил орон зай, гэрэл, материал, пропорцтой бодит төслүүд дээр ажилласны дараа тархи тэр зүйлсийг өөрөөр боловсруулж эхэлдэг. Нэг удаа шийдэж байсан асуудлыг дараагийн удаа арай хурдан таньдаг болдог.

Үүнийг сэтгэл зүйд хэрхэн нэрлэдэг вэ?

Visual–spatial intelligence буюу орон зайн сэтгэлгээ гэдэг. Дизайнер орчныг задлан уншдаг — зохиомж, харьцаа, тэнцвэр, хэмнэл тархинд автоматаар уншигддаг болчихсон байдаг.

Тэгвэл «зөн совин» гэж байдаг уу?

Туршлага хуримтлагдах тусам тархи хэв маяг таниж эхэлдэг. Аль өнгө зөрчилдөх, аль материал зохицох, ямар орон зай ямар мэдрэмж өгөх гэдгийг туршлагад суурилсан мэдлэг хэлдэг. Гаднаас нь зөн совин мэт харагдаж болно. Гэхдээ энэ нь олон жилийн ажиглалт, туршлага, алдааны нийлбэр.

«Mental simulation» гэдгийг тайлбарлаач.

Орон зайг одоо байгаа байдлаар биш, ямар болж хувирч болохыг тархиндаа загварчлах чадвар. Гэрэл хаанаас орох, хүн хэрхэн хөдлөх, материал хэрхэн мэдрэгдэх — бодитоор баригдахаас өмнө харж чадах тэр явдал. Эмнэлгийн хэлэнд «differential diagnosis» буюу боломжит оношдыг нэгэн зэрэг тунгаан үнэлэх процесстой ойролцоо зүйл.

Энэ сэтгэлгээ дизайнаас цааш хаана хэрэг болдог вэ?

Бизнест маш их хэрэг болдог. Одоо байгааг харж зогсохоос гадна зах зээл, хэрэглэгч хаашаа явж байгааг арай эрт мэдэрч чадах хүн шинэ боломжийг эрт олдог.

Мэргэжлийн дизайнер одоо байгаа орон зайг харахгүй. Болох ёстойгоо хардаг.

04

SaySanaa төслүүд

Онцлох төсөл
Хувийн орон сууц · 420 m²

Тайван. Төвлөрсөн. Удаан наслах.

420 м² орон зай. Юу нэмэхийг биш, юуг хасахыг шийдсэн нь энэ дизайны гол мөн чанар байсан.

Зочны өрөө — өргөн харагдац
Зочны өрөө — дулаан өнгөлгөө
Хувийн орон сууц
Үзэл баримтлал

Хувийн орон сууц

Улаанбаатар · 2025

Төлөвлөлт нь цэвэр, симметр логикт суурилсан. Илүүдэл хэлбэргүй, стандарт пропорц баримталсан геометр.

Нийтийн болон хувийн бүсүүд уялдаа холбоотой ч тодорхой хил хязгаартай.

Төлөвлөлт

Гэрэл бол бүтцийн нэг хэсэг

Гэрэлтүүлгийг дараа нэмэх зүйл биш, орон зайн бүтцийн нэг хэсэг болгон авч үзсэн. Сүүдрийн гүн, дулаан өнгийн бүсчлэл, зөөлөн шилжилт нь уур амьсгалыг тогтоодог.

Панорам шиллэгээ болон дээврийн нээлхий байгалийн гэрлийг өрөөний гүн рүү оруулдаг. Нэмэлт гэрэлтүүлгийн хэрэгцээг бууруулахын зэрэгцээ орон зай өөрөө амьд болж харагдана.

Хоолны өрөө
Мэдрэгдэх гадаргуу
Материал · Нарийвчлал

Мэдрэгдэх гадаргуу

Байгалийн чулуу, царс модны шпон, гүн өнгийн металл — өнгөний тоог хязгаарлаж, харин тус бүрийн чанарыг нарийн сонгосон.

Гадаргуу бүр хүрэхэд юу мэдрэгдэх вэ гэдгийг бодолцож сонгосон.

Унтлагын өрөө — цонхны харагдац
Сургамж

Амьдрах тухай орон зай

Орон зай руу орход гадны чимээ аяндаа холддог мэт мэдрэгддэг. Тиймэрхүү тайвшрал нь хүн ухаалаг гэрэлтүүлэг сонгосны болон материалыг сайн тохируулсны үр дүн.

Гол бүсийн арт бүтээлүүд хоосон орон зайтай харгалзаж, илэрхийллийг нь нэмэгдүүлсэн.

05

Дэлхийн дизайн

Ажиглалт ба чиг хандлага
Дэлхийн дизайн

«Орон зайг зөвхөн харах бус, мэдрэх ёстой.»

— Rossana Hu · Neri&Hu-гийн үүсгэн байгуулагч партнёр

Rossana Hu
Дэлхийн дизайн · Neri&Hu

Rossana Hu

Үүсгэн байгуулагч партнёр, Neri&Hu · Shanghai

Архитектур, интерьер, бүтээгдэхүүний дизайн, судалгааг нэгэн цогц сэтгэлгээ гэж үздэг Азийн хамгийн нөлөө бүхий дизайнеруудын нэг.

2004 онд Lyndon Neri-тэй Neri&Hu-г байгуулж, орчин үеийн архитектурыг тухайн газрын түүх, соёл, өдөр тутмын амьдралтай холбосон. FRAME Lifetime Achievement Award · 2021.

Хөрөг: © Neri&Hu
Дэлхийн дизайн · Онцлох төсөл

Aranya Art Center

Циньхуандао, Хятад · 2019 · Neri&Hu Design and Research Office

Энэхүү урлагийн төв нь театр, галерей, олон нийтийн уулзалтын орон зайг нэгтгэсэн бөгөөд бетон, гэрэл, муруй геометрийн энгийн хэлээр хүний хөдөлгөөн, мэдрэмжийг удирдах архитектурын жишээ болсон.

Байгалийн гэрлийг төв хэсгийн том дугуй нээлхийгээр дотогш оруулж, орон зайн туршлагыг тасралтгүй өөрчилдөг.

Aranya Art Center, Qinhuangdao · © Pedro PegenauteAranya Art Center, Qinhuangdao · © Pedro Pegenaute
Rossana Hu · Neri&Hu

«Чимээгүй орон зай хүнийг илүү удаан хугацаанд дагаж чаддаг.»

— Rossana Hu · Aranya Art Center, 2019

Rossana Hu · Ярилцлага

Таны хувьд дизайн гэж юу вэ?

«Дизайн бол зөвхөн хэлбэр бүтээх ажил биш. Энэ бол хүмүүс орон зайг хэрхэн мэдэрч, хэрхэн амьдрахыг ойлгох үйл явц юм.»

Танай төслүүдэд яагаад материал маш чухал байр суурь эзэлдэг вэ?

«Материал өөрөө түүх хадгалдаг. Хэрэв бид зөв ашиглаж чадвал материал нь тухайн газрын дурсамж, цаг хугацаа, соёлыг орчин үеийн архитектуртай холбож чадна.»

Орчин үеийн интерьер дизайн хаашаа хөгжиж байна гэж та боддог вэ?

«Илүү их зүйл нэмэхээс илүү юу хасах вэ гэдэг асуулт илүү чухал болж байна. Чимээгүй орон зай хүнийг илүү удаан хугацаанд дагаж чаддаг.»

Залуу дизайнеруудад юу зөвлөх вэ?

«Өөрийн соёл, өөрийн орчныг ойлгохгүйгээр олон улсын дизайн бүтээх боломжгүй.»

ARTIFY тэмдэглэл

Rossana Hu-ийн бүтээлүүдийг эхэлж харахад хэлбэр биш, харин орон зайд нэвтрэх мэдрэмж анзаарагддаг. Архитектур нь том дуугарахгүйгээр хүчтэй байдаг.

Материал, гэрэл, хөдөлгөөнийг нэг системд холбодог тэр арга барил нь ARTIFY-ийн редакцийн үзэлтэй нийцдэг.

06

Эргэцүүлэл

Эссэ
Сонголтын цэг дээр
Эргэцүүлэл · Эссэ

Сонголтын цэг дээр

Захиалагчийн хүслийг л зураад өгч байвал дизайнер захиалагчид үйлчлэгч хэвээрээ үлдэнэ.

Харин захиалагчийг зөв шийдэл рүү чиглүүлж эхэлбэл дизайнер жинхэнэ утгаараа мэргэжлийн шатанд орж эхэлдэг.

Эргэцүүлэл

Захиалагчийн хүсэл бол эхлэл, шийдэл биш

Дизайнер яг юу хийдэг вэ гэдэг асуулт энгийн мэт сонсдог ч хариулт нь тийм ч тодорхой биш.

Интерьер дизайны салбарт нэг нийтлэг ойлголт бий: захиалагч юу хүсэж байна, түүнийг нь яг адилхан хийж өгч чадвал дизайнер ажлаа сайн хийсэн гэж тооцогдоно. Гаднаас нь харахад буруу биш. Гэхдээ энэ нь дизайнерийн хамгийн анхан шатны хэсэг.

Захиалагчийн хүслийг биелүүлэх чадвар хэрэгтэй. Гэхдээ хүссэн зүйлийг нь дагаж зурахыг хэн ч хийж чадна. Дизайнерийн байр суурь тэр цэгт ороогүй байдаг.

Ихэнх дизайнерууд захиалагчийг дагадаг. Захиалгаа алдах вий гэж болгоомжилно, "ингэхийг хүссэн юм чинь" гэдэг өгүүлбэр өөрийгөө хамгаалах хамгийн амархан хэлбэр болдог. Хүний л сэтгэл зүй. Гэхдээ яг энэ цэг дээр зам хуваагддаг.

Захиалагч амьдралд нь тохирохгүй, логикоос гажсан шийдэл хүсвэл дизайнер яах ёстой вэ? Тайлбарлаж, өөр хувилбар санал болгох уу, эсвэл дагаж зурах уу? Тэр сонголт дизайнерийн жинхэнэ түвшинг харуулдаг.

Захиалагч буруу шийдэл хэлж болно. Тэр хүн дизайнер биш учраас энэ хэвийн. Харин дизайнерийн үүрэг бол тэр хүслийг бодит ашиглалт, логик, ирээдүйтэй нь тулган шүүх явдал. Захиалагчийн хүсэл эхлэл. Тэрнийг задлах, засах, шаардлагатай бол өөрчлөх нь дизайнерийн ажил.

Одки · SaySanaa | Black Notions

Хувийн орон сууц — материалын нарийвчлал
Эргэцүүлэл · үргэлжлэл

Захиалагч эмч дээр очоод ямар эм уухаа заадаггүй. Мэргэжил гэдэг бол шийдэл гаргах чадвар.

Захиалагчийн хүслийг дагавал тухайн мөчид асуудалгүй мэт санагдана. Гэхдээ дараа нь тухгүй орон зай, логикгүй төлөвлөлтийн тайлбарын шаардлага дизайнер дээр эргэж ирдэг. "Та өөрөө ингэж хүссэн" гэдэг үг хариуцлагаас аварч чаддаггүй.

Интерьер дизайн гоё зураг зурах дасгал биш. Хүн тэр орчинд жил жилээр амьдарна. Яаж унтах, яаж ажиллах, яаж тайвшрах вэ гэдгийг нэг шийдвэр тодорхойлдог.

Захиалагчийн хүслийг л дагаж зурдаг дизайнер захиалагчид үйлчлэгч хэвээрээ үлддэг. Харин захиалагчийг зөв шийдэл рүү чиглүүлж эхэлбэл дизайнер жинхэнэ утгаараа мэргэжлийн шатанд орж эхэлдэг.

Одки · SaySanaa | Black Notions

07

Artify

Уран бүтээл
SaySanaa — Ухамсар
Artify · Уран баримал

SaySanaa — Ухамсар

Уран бүтээлч: А. Очирболд

Философи ба сэтгэлзүйн огтлолцолд орших уран баримал. Нүүр царай байхгүй, нэр байхгүй. Гэхдээ тэр дүрийг харахад харагчийн өөрийн дүр мэт санагдана.

Үл ялиг урагш тонгойсон бие. Тэр хазайлт дотоод руугаа чиглэсэн анхаарлыг, ямар нэгэн чимээгүй төвлөрлийг биеэр илэрхийлдэг.

«Ухамсар» уран баримал — нарийвчлал
Ухамсар

Орон зайд бус, ухамсарт таарах бүтээл

Нью-Йорк дахь НҮБ-ын төвийн өмнөх «Ухамсар» баримлын үзэл санааны үргэлжлэл — газар зүйн байршлаас үл хамааран хамтын ухамсар, хүн төрөлхтний ирээдүйн төлөөх чимээгүй дуудлага.

Зэвэрдэггүй ган (Grade 304), 280 кг, 2.2 м. SaySanaa-гийн 10 жилийн ойд, 2025 оны 5 сард танилцуулсан.

ARTIFY

ARTIFY — Дугаар 01

2026 он, зун

SaySanaa сэтгүүл

Бичгийн фонт: Manrope

© 2026 SaySanaa. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

ARTIFY Дугаар 01 — ар нүүр

Мэргэжлийн дизайнер одоо байгаа орон зайг харахгүй. Болох ёстойгоо хардаг.

ARTIFY